2012-04-13

Бид хүүхдээ хүмүүжүүлж чаддаг уу?

Эцэг эхчүүдийн хувьд хүүхэд хүмүүжүүлнэ гэдэг сэтгэл зовоосон зүйлийн нэг байдаг. Хүүхэд хар аяндаа өсөн торниж, өөрийн гэсэн зан төрхтэй болж байгаа мэт санагддаг ч энэ явцад эцэг эхчүүд багагүй үүрэг гүйцэтгэдэг. Заримдаа өөрсдөө ч анзааралгүй “хүмүүжүүлчихдэг”. Хүүхдийнхээ дэргэд хэрэлдэж маргана, бие биедээ худал хэлнэ, хэн нэгнийг “тохуурхан” хоорондоо ярилцана. Энэ бүгд хүүхдэдээ “Чи ч бас ингэж болно шүү” хэмээн үлгэрлэж буйгаа харамсалтай нь огт мэддэггүй.
Бид энэ удаа хүүхэдтэй харьцахдаа анхаарвал зохих зарим нэг мөрдлөгийг толилуулж байна

Та “сул дорой” байдлаасаа болж ах дүү, үеийнхэндээ дээрэлхүүлж байгаа хүүхдээ битгий хамгаал. Хүүхэд өөрийн асуудлаа өөрөө шийдвэрлэж, бусадтай харилцаж суралцах хэрэгтэй шүү дээ. Хүүхдүүдийнхээ хоорондын маргаан, зодоонд битгий оролц. Энэ тохиолдолд “та нар надад саад болохооргүй газар очиж маргаанаа үргэлжлүүл, ванны өрөөнд ч юмуу” гэж тайван хэлж сурах хэрэгтэй.

Эхнэр /нөхөр/-тээ хүүхэд өөрийнхөөрөө хүмүүжүүлэхэд нь битгий саад бол. Аав нь үг хэлж байхад ээж дэргэдээс үгүйсгээд байвал хүүхэд аавыгаа хүндлэхээ больж эхэлдэг. Яваандаа сонирхлын дагуу энэ харилцааг ашиглаж эхэлнэ.

Битгий үглэж янш. Аль болох биеэр үзүүлэхийг хичээ. Жишээ нь хайч авч болохгүй гэхийн оронд анхааруулах дохио хэрэглэх нь илүү үр дүнтэй байдаг. Өрөвдөж байгаа мэдрэмжээ бүү илэрхийл. Өрөвдүүлдэг хүүхэд өөртөө итгэх итгэлээ алдсаар байдаг. Ямар нэгэн зүйлийг хийж чадахгүй, эсвэл эвгүй байдалд орсон хүүхэддээ чамд үүнийг давж гарах чадвар бий гэдгийг нь ойлгуулах хэрэгтэй.

Хүүхдийнхээ өмнө бодит бус зорилго бүү тавь. Зарим эцэг эхчүүд хүүхэддээ хэт өндөр шаардлага тавьдаг. Бүх хичээл дээр онц сурах ёстой гэх мэтээр хүүхдэд шаардлага тавих нь ихэнх тохиолдолд зорилгодоо хүрэхээсээ өмнө шантруулж эхэлдэг.

Битгий шүүмжил. Шүүмжлэлээр хэн ч сайжирдаггүй. Ялангуяа шууд загнах, өөрийн үзэл бодлыг хэт тулгах нь хүмүүжлийн хамгийн оновчгүй хэрэглүүр билээ. Шүүмжлэх олон арга байдаг. Чамайг ийм зүйл хийнэ гэж бодохоор итгэмээргүй юм, эсвэл надад их харамсалтай байна, заримдаа бүр эсрэгээр нь магтаж шүүмжлэх ч арга байдаг. Хүүхдэд зөвхөн үүрэн хариуцлага төдийгүй эрх байдаг гэдгийг ямагт санаж байх.

Хүүхдийнхээ хувийн амьдралыг хүндэлж байх хэрэгтэй. Өөрийнх нь гэсэн юм бүхэн тэдний хувьд халдашгүй дархан бөгөөд тэдний төлөвшилд чухал нөлөө үзүүлдэг. “Би охиндоо өмсөх хувцсыг нь хүртэл зааж өгдөг” хэмээн нэгэн ээж өөрөөрөө бахархан ярьж байсныг санаж байна. Охины хувьд энэ хандлага нь сэтгэл санааны хүчирхийлэл болж байгаа шүү дээ.

Бусад хүүхдүүдтэйгээ бүү харьцуул. Та ингэснээрээ шаардлагатай эсэх нь ч мэдэгдэхгүй өрсөлдөөн атаархал өөрийгөө голох мэдрэмж төрүүлж байна гэсэн үг. Заавал бүхнийг чадах албагүй, харин өөрийнхөөрөө амьдрах эрхтэй. Гэрийн даалгавар хийлгэж байхдаа дэргэд битгий суу. Та өөрөө ч анзааралгүй хариуцлагыг өөртөө үүрэх болно. Хүүхэд ч танд найдаж эхэлдэг.

Хүүхдээ утсаар ярьж байхад нь битгий нууцаар чагна. Юу хийж явдаг бол гэж хичнээн их санаа зовсон ч гэсэн тэвчих хэрэгтэй. Өөрийн шаардлагыг хүүхэддээ тодорхой байдлаар дүрсэлж ойлгуулах хэрэгтэй. Жишээ нь: хувцас хунараа ямар замбараагүй тавьдаг юм бэ гэж үглэхийн оронд түүнд ойлгомжтой байдлаар хэлэх нь чухал. Миний хүү хувцаснуудаа эвхчихвэл өрөө чинь цэвэрхэн харагдах юм биш үү гэх мэтээр.

Зөвшөөрөл авалгүй дэвтэр ном цүнхийг нь бүү нэгж. Ингэж хамаагүй хандах нь хүүхдийнхээ талаар мэдээлэл олж авах оновчтой арга биш. Хүүхдээсээ зөвлөгөө авахдаа бүү санаа зов. Хүүхдийнхээ сургамжийг “Аавдаа адуу манахыг заана гэгчээр” гээд эцэг эхчүүд дургүй хүлээж авдаг. Энэ зөвлөгөө та хоёрын харилцааг улам ойр болгож байдаг билээ. Ямар нэг зүйлийг хүүхэддээ амласан л бол хэлсэндээ хүрч, найдвартай гэдгээ ямагт харуулж бай. Хүүхдийнхээ дэргэд бусад хүүхэд хүмүүсийг өөлж, муулахаас зайлсхий. Өөртөө анхаарал халамж тавьж бай.

Сайн эцэг эх байхын тулд танд урам зориг, цаг зав, эрч хүч хэрэгтэй. Хэрэв та өөртөө анхаарал халамж тавьдаг бол хүүхэддээ анхаарал тавихад улам хялбар байх болно. Уурласан, бухимдсан хүн гэм хийгээгүй хүүхэддээ тэр араншингаа гаргадаг. Та хүүхдэдээ ч бас цаг зарцуулах хэрэгтэй. Цагийг хамтдаа хөгжилтэй өнгөрүүлж, ном уншиж бай. Шилжилтийн насанд тохиолддог зүйлс насанд хүрэгчдийн хоорондын харилцаа зэрэг асуудлын талаар илэн далангүй ярилцаж байх нь чухал.

Аливаа зүйлийг хүүхдийнхээ үзэл бодлоор харахыг хичээгээрэй. Хүүхдийн нүдээр юуг яаж харагдахыг та төсөөлж чаддаг байвал түүнийг илүү амархан ойлгоно. Хүүхдийг уурлаж уцаарласан үед нь заавал дуугаа өндөрсгөх шаардлагагүй. Харин ч тайван байж чадвал нөхцөл байдлыг илүү сайн ойлгоход нь тусалдаг.

Сонсож сурах нь чухал. Хүүхэдтэйгээ ярьж байхдаа нүд рүү харж ярилцдаг байх хэрэгтэй. Тэдний яриаг таслахгүй байхыг хичээгээрэй.

Бичсэн: B_Gerel | цаг: 14:42 | зөвлөмж
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0)
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax